2016 оны 01-р сарын 13 өдөр
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино[1].
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө.Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.
Санал хүсэлт