Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.08.20/ болж, энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг намар танилцуулна гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр иргэдийн амьдарч буй газар нутаг ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй хүргэх шаардлагатайг онцолсон байна. Ингэснээр иргэд ажил, амьдрал болон өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэрээ урьдчилан төлөвлөх боломжтой болох аж.

Мөн Улаанбаатар хотын цаашдын төлөвлөлтийн талаар ойлгомжтой, тодорхой мэдээлэлтэй болсноор хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг бодитоор тооцоолох боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Иргэд газар нь дахин төлөвлөлтөд орох эсэхийг мэдэхгүй байгаа учраас байшингаа засаж сайжруулах, зарж борлуулах зэрэг асуудалд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Мэдээллийг сайн өгч байж иргэд ирээдүйгээ төлөвлөнө. Хотын төлөвлөлт тодорхой байх ёстой. Хотын ерөнхий архитектор, хотын стандарт хариуцаж байгаа албан тушаалтнууд үүнд анхаараарай. Энэ бүхэн ерөнхий төлөвлөгөөн дээр суурилна. Нийслэл ч, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам ч ерөнхий төлөвлөгөөгүй явж байна” гэв.