Эквадорын Гуаякиль хотноо жүдогийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн тэмцээнд 59 орны 457 жүдоч хүч сорихоор бүртгүүлжээ. Тэгвэл Монголоос хөвгүүдийн 10, охидын есөн тамирчин оролцох юм. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50, 55, 60 кг, охидын 40, 44, 48 кг-ын медальтнууд тодорлоо.

Хөвгүүдийн 60 кг-д улсаа төлөөлөн оролцсон А.Даваабаатар, Ж.Энхтөр нар хүрэл медалийн төлөө хоорондоо учраа таарчээ.зураг

А.Даваабаатар Бразилын Андре Додеро, Австралийн Кайан Келли нарыг буулган авсан ч хэсгийн аваргын төлөө Японы Даичи Таширод дийлдсэн байна. Улмаар Украины Хазар Хэйдаровыг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон бол Ж.Энхтөр Алжирын Ларби Аддад, Саудын Арабын Мохаммед Асири, хэсгийн аваргын төлөө Киргизийн Санжар Абдилдаевийг илүүрхсэн юм.

Харамсалтай нь хагас шигшээд Канадын Роман Семирозумд дийлдсэнээр манай хоёр тамирчин хоорондоо барилдахаар болов. Эхний үнэлгээг А.Даваабаатар авсан ч Ж.Энхтөрийн цэвэр ялалтаар барилдаан шийдэгдэв.

зураг

Мөн охидын 44 кг-ын жинд Ц.Амин-Эрдэнэ шагналт V байр эзэллээ. Тэрбээр Аргентины Расжидо Нахиара, Италийн Ферро Аурора нарыг ялаад Туркийн Сема Нурд дийлджээ. Ингээд дагах барилдаанд Бельгийн Фенн Пеетерсийг ялсан ч хүрлийн төлөө Польшийн Жулиа Блашукт ялагдсан байна.

ДАШТ-ий эхний өдөр Казахстан нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж буй бол Узбекистан нэг алт, гурван хүрэл, ОХУ, Израиль тус бүр нэг алт, нэг хүрэл, Азербайжан, АНУ-ын бөхчүүд тус бүр нэг алтан медаль хүртжээ.

Мөн Турк, Бельги, Армени, Канадын тамирчид тус бүр нэг мөнгө, Франц хоёр хүрэл, Бразил, Монгол, Польшийн тамирчид тус бүр нэг хүрэл медаль хүртээд байна.