Энэ өдрүүдэд соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх фестивалийг нээж хэлэхдээ, энэ наадам бол соёлын биет бус өвийн шавхагдашгүй, давтагдашгүй сан хөмрөг, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх монгол түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг өвлөн тээж үлдсэн цөөн орны нэгийн хувьд дэлхийн нүүдэлчдийн оюун санааны төв байж, өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд манлайлан оролцох учиртайг хэллээ.

Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачилсан энэ наадам жилээс жилд цар хүрээгээ тэлж, дэлхийн соёлын томоохон фестиваль болон өргөжсөнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отгууд өв соёл, зан заншил зэргийг таниулж, эрийн гурван наадам, морьт харваа, уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх, морин бөмбөгийн тэмцээн, уламжлалт дээл, хувцас, хоол, идээ ундаа, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохиож байна.

Мөн “Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнц: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Нүүдэлчдийн өв соёл, шинжлэх ухаан” сэдэвт цуврал лекц болж байна.

Манай улс ЮНЕСКО-ийн конвенцын дагуу соёлын өвөө хамгаалах, сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж, Дэлхийн өвийн жагсаалтад 7, Соёлын биет бус өвийн жагсаалтад 17, Олон улсын баримтат өвийн жагсаалтад 7 өвийг бүртгүүлсэн.

Хамгийн сүүлд гэхэд л, өнгөрсөн 7 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Хүннүгийн язгууртны дурсгалын цогцолборыг соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн юм.