Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулж Сангийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.

-Засгийн газар эдийн засгийн тодорхойгүй, хүндрэлтэй орчинд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирж байгаа. Гадаад орчинд эдийн засгийн нөхцөл хүнд байна, геополитикийн нөхцөл хүнд, Америк Ираны дайн, Орос, Украйн гээд энэ бүхэнтэй холбоотой худалдааны дайн тааварлашгүй байна. Тааварлашгүй нөхцөлд бид бэлэн байх ёстой. Засгийн газрын барьж байгаа бодлого бол иргэдийнхээ орлогыг л хамгаалах. Тийм учраас төрийн албан хаагчийг цомхотгох тухай ойлголт байхгүй.

Төсвийн тодотголд үндсэн хоёр зорилго байгаа. Нэгдүгээрт, иргэдийнхээ орлогыг хамгаалъя. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд стратегийн нөөцөө бүрдүүлээд явъя.

Төсвийн тодотголыг хийхдээ 2026 оны батлагдсан төсвийн хүрээнд 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт таналт хийгээгүй, тэргүүлэх салбар. Энэ хоёр салбарт үүссэн цалингийн зөрүү буюу ойлгомжгүй байдлыг бид өнгөрсөн тавдугаар сард шийдсэн. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт 674.5 тэрбум төгрөгийн цалингийн зөрүүний асуудал үүсэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхны цалинг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмж өгнө, үүнд 90 тэрбум төгрөг шаардана. Эдгээрийг бид бусад төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын үйл ажиллагаанаас танаж гаргаж ирж байна. Ингэж боловсрол, эрүүл мэндийн салбарынхнаа дэмжиж, тэнд ажиллаж байгаа багш, эмч нарынхаа цалинг ойлгомжтой болгож байгаа.

Нөгөө талдаа соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээнийхний цалин орхигдчихсон байсныг шийднэ. Цалингийн систем нь хөрөөний ир шиг доголон болсон байсан, өнгөрсөн жил. Тийм учраас хөдөө аж ахуй, соёл урлагийнхны цалинг боловсрол, эрүүл мэндийн салбарын түвшинд хүргэе гээд 78.1 тэрбум төгрөг гаргахаар болж байна. Үүнийг хэмнэлтийн хүрээнд тооцож гаргаж ирж байна.

УИХ өнгөрсөн хавар Нийгмийн даатгалын тухай хуулийг баталсан. Энэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжих ёстой байсан. Төсвийн тодотголоор юу хийж байна вэ гэвэл 2027 оны нэгдүгээр сарын 1-н гэж хүлээхгүйгээр заалтыг нь энэ он руу татаад арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд 196.3 тэрбум төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг нэмнэ.

Тэтгэвэр 100 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд нэмэгдсэнээр дунджаар 980 мянгаас 1 нэг сая 80 мянган төгрөг болно.

Зардлаа танаад ахмадынхаа тэтгэврийг нэмж өгье гэж байгаа юм. Ямар нэгэн нэмэлт зардал төсөвт нэмээгүй, батлагдсан зардлаа танасан.

Хоёрдугаарт стратегийн нөөц бүрдүүлэх. Хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол инфляц. Гадаад орчны тогтворгүй байдлаас болоод инфляцийг бид импортоор аваад байна. Иргэдээ инфляциас хамгаалах нь Засгийн газрын үүрэг. Дотооддоо инфляцийг сааруулж болох юм нь юу вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ хоёр. Эрчим хүчний үнэ өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө дагаад иргэдийн орлогод нөлөөлж эхэлдэг. Хүнсний бүтээгдэхүүн дээрээ хангамжийн найдвартай байдал бүрдүүлэх. Улаан буудайн нөөцийг 100 мянган тонноор бүрдүүлье, мах, хүнсний ногоон дээрээ арга хэмжээ авъя. Үүнийгээ хадгалах агуулах зоорин дээр дэмжлэг үзүүлэх зорилгоор стратегийн хүнсний бүтээгдэхүүний бодлогыг төсвийн тодотголоор хэрэгжүүлнэ. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй, мөн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангана. Үүнд татаас өгнө.

Засгийн газар авлигатайгаа тэмцэж байгаа юм уу гэж та бүхэн асуулаа. Нэг талдаа хуулийн байгууллага авлигатай тэмцэх боловч нөгөө талдаа Засгийн газар авлига үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ төрийн өмчийн засаглалыг сайжруулахаар холбогдох хуулийн төслийг УИХ-д оруулж ирж байгаа.

Төрийн өмчит компани дээр яваад байгаа орлогыг улсын төсөвт ногдол ашгийг нь төсвийн орлого болгон татаж авах хуулийн зохицуулалтыг оруулж ирж байгаа.

Жишээлбэл, уул уурхайн компанийн ногдол ашгийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд төвлөрүүлдэг, тэндээсээ Баялгийн сан руу аваад үлдсэн ногдол ашийг хуримтлагдсан сангаасаа төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэн. Та бүхэн олон удаа сонсч байсан. Улсын төсөв дээрх хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүд батлаад байхад төрийн өмчит компани маш том төсөл хэрэгжүүлж байна гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Энэний цаана авлига яваад байгаа. Тийм учраас төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компанитай менежментийн хэлцэл хийгээд энэнийхээ эрх зүйн орчныг нь тодорхой болгохоор тодотголоо дагуулаад хуулийн өөрчлөлт оруулж ирж байна.

Нөгөө талдаа тэнд хуримтлагдсан цэвэр ашгийг улсын төсөвт орлогоор татаж аваад ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн эрх мэдэл рүү шилжүүлснээр хараа хяналтыг сайжруулж, зарцуулалтыг сайжруулж өгнө, мөн улсын төсвийн нэгдсэн байдлыг хангаж өгөх юм.