Дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн төлөөлөл, малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Энэхүү бага хурлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газар нутгийн доройтол, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн асуудлаар өрнөж буй олон талт ярилцлага, өндөр түвшний хэлэлцүүлэг хуралдаанд ХААН Банкны удирдлага болон мэргэшсэн багийн төлөөлөл идэвхтэй оролцож, санхүүгийн салбарын туршлага, боломжийг нээлттэй хуваалцаж байна.

Тухайлбал өчигдөр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Бэлчээрийн хөрөнгө оруулалт: Уур амьсгалын болон газрын доройтлын эрсдэлийг хөрөнгө оруулалтын боломж болгон хувиргах нь” панель хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрээр “Бид МАА салбарт зөвхөн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна кластер болон өртгийн сүлжээнд суурилсан санхүүжилтийг тогтвортой, ногоон шийдлүүдтэй уялдуулж, малчдын зах зээл, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.” гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

зурагМөн “Монголын Байгалийн Өв Сан”-тай “Тогтвортой аж ахуй болон нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн туршилтын хөтөлбөр”-ийг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь өнөөдрийн онцлох үйл явдлуудын нэг байв.

Үүнээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Энх-Ирээдүй зэрэг төлөөлөл СOP17 бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Ногоон бонд: Тогтвортой санхүүжилтийн боломж”, “Цөлжилттэй тэмцэх зах зээлд суурилсан санхүүгийн арга хэрэгсэл ба тогтвортой бэлчээрийн аж ахуй”,”Байгаль хамгааллын үр дүнд чиглэсэн зах зээлд суурилсан санхүүжилтийг хэрхэн тэлэх вэ?”, зэрэг 15 орчим өндөр түвшний болон дэд хэлэлцүүлэгт оролцож, байгууллагын үйл ажиллагаа, харилцагчдад санал болгож буй санхүүжилтийн шийдэл үр дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулан хэлэлцүүлж байна.