Францын нийслэл Парис хотод цахилгаан скүүтэр унадаг хүмүүс заавал хамгаалалтын малгай, гэрэл ойлгогчтой хантааз өмсөх шинэ журам хэрэгжиж эхэллээ.

Шинэ журмыг цахилгаан скүүтэртэй холбоотой осол, нас баралтыг бууруулах зорилгоор нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн онд Парис хотод цахилгаан скүүтэртэй холбоотой ослоор 79 хүн амиа алдсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс эрс нэмэгдсэн юм.

Мөн өнгөрсөн онд ийм төрлийн ослоор 1,100 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд энэ нь 2024 оныхоос 33 хувиар өссөн байна.

Шинэ журмыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна. Зөвшөөрөгдсөн хамгаалалтын малгай өмсөөгүй бол 135 евро, гэрэл ойлгогчтой хантааз өмсөөгүй бол 35 еврогийн торгууль төлөх юм.

Эдгээр шаардлага нь цахилгаан скүүтэрээс гадна цахилгаан дугуй болон ховерборд зэрэг бусад цахилгаан тээврийн хэрэгсэлд мөн хамаарна.

Парис хот 2023 онд аюулгүй байдлын асуудлаас шалтгаалан түрээсийн цахилгаан скүүтэр ашиглахыг хориглосон ч иргэдийн хувийн эзэмшлийн скүүтэрийг ашиглахыг зөвшөөрсөн хэвээр байна.

Одоогийн журмаар Парист 14-өөс доош насны хүүхэд цахилгаан скүүтэр унахыг хориглодог. Мөн хүн давхар суулгахгүй байх, дээд тал нь цагт 25 км-ийн хурдтай явах шаардлагатай.

Цахилгаан скүүтэр Парист түгээмэл хэвээр байгаа бөгөөд нарийн зам, түгжрэлтэй хотод хүмүүс ажил, сургуульдаа зорчихдоо ашигладаг байна.

Францад 2023 оны байдлаар 2.5 сая орчим хүн цахилгаан скүүтэр эзэмшиж байсан нь Европт хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Парис хот цахилгаан скүүтэрийг анх өргөн нэвтрүүлсэн Европын хотуудын нэг боловч явган хүний замд саад учруулах, замын хөдөлгөөнд аюултайгаар оролцох зэрэг асуудлаас болж түрээсийн скүүтэрийг хориглосон байна.